Tuesday, November 13, 2012

Сууц өмчлөгчдийн холбоо, түүнийг тойрсон асуудлууд

       Сууц өмчлөгч та өөрийн оршин суугаа газар, орчноо цэвэр цэмцгэр, тав тухтай, аюулгүй байгаасай гэж хүсдэг бол үүргээ ухамсарлаж, эрхээ эдлэхийг зөвлөе.  Ингээд СӨХ-ны удирдлага болон түүний гишүүдийн эрх, үүргийн талаар  мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.



СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО /СӨХ/ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
“Сууц өмчлөгчдийн холбоо" /СӨХ/ гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий холбоог хэлнэ. СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд заавал гишүүнчлэлтэй байх ёстой. Тухайн нийтийн зориулалттай орон сууцанд сууц өмчлөгч нь СӨХ-ийн гишүүн байна.

ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?
Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж тухайн байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; мөн түүнчлэн холбооны сангийн хөрөнгийг хэлнэ.
Засвар үйлчилгээнд зориулан төвлөрүүлэн хуримтлуулсан мөнгөн хөрөнгө, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого зэрэг сангийн хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний болон бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно. 

СӨХ-Г ХЭНИЙ САНААЧИЛГААР БАЙГУУЛЖ БОЛОХ ВЭ?
Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь оршин суугчид нэгдэн, нэг холбоо байгуулж болох аж. Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулж болно. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцох бөгөөд холбоо нь өөрийн гэсэн тамга тэмдэг, албан маягт, харилцах данстай байна.
Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн, нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна.
                                                                                                      


 СӨХ-НЫ БҮТЭЦ
БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ
/СӨХ-ны эрх барих дээд байгууллага/
ЭЭЛЖИТ ХУРАЛ                                                                       ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ                        ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

ЭЭЛЖИТ ХУРАЛ - Жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ- Удирдах болон хяналтын зөвлөл,гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу  бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна.

СӨХ-НЫ ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА
Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд энэхүү хурлаар:
•    Холбооны дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах,
•    Холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах;
•    Холбооны хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх;
•    Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;
•    Холбоог өөрчлөн байгуулах; холбоог төрийн бус байгууллагад элсүүлэх, гишүүнээс гаргах;
•    Байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал;
•    Сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих;
•    Дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал;
•    Тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх боломжтой.
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Бүх гишүүдийн хурлаас Удирдах зөвлөл /орон тооны бус/-ийг сонгоно. Холбооны гишүүдийн тоо, орон сууцны байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, байшингийн оршин суугчдыг төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бүх гишүүдийн хурлаас тогтоох бөгөөд бүрэлдэхүүнд нь тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгоно. Удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдох агаад тус зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно. УЗ-ийн эрх үүрэг:
•    Холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх.
•    Гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн цалинг тогтоох; тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх;
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Холбоонд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл /орон тооны бус/-ийг байгуулна. Хяналтын зөвлөл нь сууц өмчлөгчдийг төлөөлөн, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж, санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хандах эрхтэй.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ХЭРХЭН АЖИЛ ХИЙЛГЭХ ВЭ?
СӨХ-ны Гүйцэтгэх захирал холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг Тэрхүү хуримтлалын мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар Удирдах зөвлөл болон Бүх гишүүдийн хуралд тайлагнах ёстой. Гүйцэтгэх захирлаар Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүний төрөл, садангийн хүнийг сонгож болохгүй гэдгийг хуулинд тусгасан ч дүрэмд өөрөөр заагаагүй бол холбооны гишүүн бус хүнийг сонгож болно гэсэн заалттай. Уг нь тухайн орон сууцандаа амьдардаг хүн бол бусад оршин суугчдынхаа зовлон, жаргалыг нэгэн адил мэдэрч, тэр хэрээрээ санаа тавьж ажиллах нь илүү баймаар. Хэрэв Гүйцэтгэх захирал үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэх аваас түүнийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлөх боломжтой
ГЗ-ын эрх, үүргээс дурдвал:
•    Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх;
•    Дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;
•    Дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах;
•    Хоёроос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
•    Холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах;
•    Жилд 2-оос доошгүй удаа Удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнах.
•    Холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулах
•    Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх.
СУУЦ ӨМЧЛӨГЧ ЯМАР ЭРХ, ҮҮРЭГТЭЙ ВЭ?
•    Засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
•    Гэр бүлийн гишүүд болон өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд /түрээслэгч/ бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах;
•    СӨХ-өөс зөвшөөрөл авахгүйгээр дангаар өмчлөх сууцаа захиран зарцуулах эрхтэй ч сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх үүрэг хүлээнэ.
•    Сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх;

No comments:

Post a Comment